Pages

Saturday, June 17, 2017

Study plan advice

Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй магистр, докторт суралцах вэ?

Дэлхийн хөгжилтэй орнуудад, өндөр чанарын боловсрол эзэмшихийн тулд ямар нэгэн "гадаадад сургана" гэсэн компанид найдаж, байдаг нэгээрээ хулхидуулж, ээж ааваасаа сургалтын төлбөр шаналгаж насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийж, өөрөө зээл авч дийлж давахгүй өрөнд орж байснаар өөрийн чадлаараа олгогдсон нөхцөл боломжийг ашиглаад боловсролоо ахиулах боломж зөндөө байна.

Монголд төрснийгөө зарим хүмүүс голдог. Гэтэл энэ чинь эргээд өөрөө боломж. Монгол улс хөгжиж буй орнуудын учраас хөгжсөн орнуудаас Монголд олгож байгаа дэмжлэг туслалцаа тоо томшгүй. Тэр боломжийг ашиглах хэрэгтэй. Тэтгэлэг ганцхан Фүлбрайтаар дуусахгүй. Хэрэв чи тэнцээгүй бол ирэх жил дахиад өг. Дахиад тэнцэхгүй бол өөр сонголт зөндөө байна (Б.Хонгорзул, 2013).

Одоогоос гурван жилийн өмнө олон залуусын сонорт хүрч, урам зориг оруулж байсан мундаг нийтлэлийн эшлэлээр эхлүүлэн, өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ.
Хилийн чанадад тэтгэлэгтэй суралцах олон боломжууд байдаг бөгөөд энэ талын ойлголт, боломжийг сайтар олж мэдээгүй ч гадаадад суралцахыг хүсэж алсын бодол тээсэн хүмүүс, магадгүй чамтай уулзсан гурван залуугийн нэг нь тийм бодолтой байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Гадаадад магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг: МУ-ын ЗГ-аас санхүүжиж манайхан өөрсдөө шалгаруулдаг. Бусад орны (АНУ, Их Британи, Австрали г.м) ЗГ-аас санхүүжиж тухайн орны элчин сайдын яам болон төлөөлөгчийн газраар дамжуулан шалгаруулдаг, мөн дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдөө тэтгэлгээр оюутан элсүүлэн сургадаг гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж болно. Эдгээр тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авах боломжтой. Үүнд: http://www.scholars4dev.com/tag/scholarships-formongolians/, 100% 100 тэтгэлэгийн жагсаалт, goodyouths.com http://www.khongi.com/2013/07/blogpost.html, болон бусад Фэйсбүүкийн груп, хуудсууд багтах болно.

Энэ нийтлэлийн гол АРГУМЕНТ нь ямарваа нэгэн тэтгэлгийн шаарддаг түгээмэл шалгуурууд болоод (Их дээд сургууль төгссөн үндсэн мэргэжил ба сурлагын голч дүн, Гадаад хэлний мэдлэг, Ажлын туршлага, Эсээ болон тодорхойлох захидал, ярилцлага г.м) эдгээрийн уялдаа холбоог сайтар гаргаж өгснөөр тухайн өргөдөл гаргагч тэтгэлэгт шалгарах боломж нэмэгддэг гэсэн асуудлыг хөндөх ба тэдгээр шалгуурт хэрхэн амжилттай тэнцэх вэ гэдэгт чиглэсэн ерөнхий хэдэн сэдвээр өгүүлэх болно.      
1. ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БА ҮНДСЭН МЭРГЭЖИЛ 
Чиний үндсэн мэргэжил юу вэ? гэдгээс үндсэндээ хоёр зүйл хамаарч байдаг.

Нэгдүгээрт, зарим тэтгэлэгт хөтөлбөрүүд Монгол улсад эрэлт хэрэгцээтэй тодорхой чиглэлийн мэргэжлээр магистр, докторт суралцуулах зорилготой байдаг.

Хоёрдугаарт, цаашид суралцах гэж буй чиглэл чинь үндсэн мэргэжлээ гүнзгийрүүлсэн, түүндээ тулгуурласан, ядаж уялдаа холбоотой байх нь зүйтэй. Тэгэлгүй инженер мэргэжилтэй хүн эдийн засаг юм уу хуулиар сурна гэж байгаа бол яагаад гэдгээ маш сайн тодорхой гаргаж өгч байж л дэмжлэг авах байх шүү.

Зорилго, суралцах чиглэлээс хамаарч чи аль улсын ямар сургуульд ямар тэтгэлгээр суралцах чинь тодорхой болно. Эсвэл нэг тэтгэлгийг сонгож аваад түүгээр л суралцана гэж хатуу шийдсэн бол тухайн тэтгэлгийг олгодог улсын их сургуулиудын веб сайтаар орж өөрт тохирох мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нэг арга зам бий.

2. СУРЛАГЫН ГОЛЧ ДҮН
Залуучууд яагаад гадаадад сурах гээд байна вэ гэдэг нь манай боловсролын чанарын асуудалтай нэг талаар холбогдож болох юм.

Цаашид гадаадад суралцана гэж байгаа бол одооноос чиний бэлтгэл аль хэдийнээ эхэлчихсэн байх ёстой сурагч, оюутнуудын хувьд хичээлээ сайн хийгээд, төгсчихсөн ажилчин ангийнхан дипломоо эргүүлж хараад сурлагын дүн, тэтгэлгийн шалгалтад тэнцэх эсэх талаар анализ хийж үзэх хэрэгтэй.

3. ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ
Англи хэл дээр хичээл үзээд түүнийгээ сайтар ойлгох чадвартай байж гэмээнэ амжилттай суралцаж, тэтгэлгээс олгож буй мөнгийг боловсрол болгож үр дүнтэй зарцуулах гэсэн үүднээс ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд дор хаяж IELTS-6.5, IBT-80 оноотой байх шаардлагыг тавьдаг.
Мөн хэлний бэлтгэлийг хамт оруулсан цөөн тооны тэтгэлэгт хөтөлбөрүүд ч бас бий. Жишээлбэл: БНХАУ-ын ЗГ –ын тэтгэлэг, Австралийн ЗГ-ын (хуучнаар MASP) Australia Award Mongolia – AAM гэх мэт.

Хэлний оноотой л бол тэтгэлэг аваад гадаадад сурчих юм шиг бодож хэрхэвч болохгүй.

Хэлний оноотой л бол тэтгэлэг аваад гадаадад сурчих юм шиг бодож хэрхэвч болохгүй бусад шалгууруудыг хангасан эсэхийг хардаг.

Оноо байхгүй болохоос бусад шалгуурыг 100 хувь хангасан (маш сайн суурь мэргэжил эзэмшсэн, 5, 10 жилийн туршлагатай, суралцах чиглэл зорилгоо зөв тодорхойлсон) хүмүүс зөндөө байдаг. Тийм бол та ямар нэг аргаар нухаж байгаад хэлээ сайжруулаад шаардаад байгаа оноог нь авчхад л бүх шалгуурыг биелүүллээ гэсэн үг.

Маш сайн Англи хэлтэй IELTS, TOEFL-ийн оноотой мөртлөө тэтгэлэг авч чадахгүй байгаа хүмүүс байна. Тийм бол та доор өгүүлэх ажлын туршлага, эсээ болон тодорхойлох захидал зэрэг дээрээ илүү ажиллах хэрэгтэй байх.

IELTS өгөхөөр бэлдэж буй шонхруудад гэсэн нийтлэлээс Англи хэл хэрхэн сурч, шаардлага хангасан оноо авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. АЖЛЫН ТУРШЛАГА
Ер нь тэтгэлэгт хөтөлбөрүүд гэлтгүй ихэнх сургуулиуд элсэлтийнхээ шалгуурт мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажилласан байхыг шаарддаг. Энэ нь цаанаа юуг хэлээд байна вэ гэхээр бакалаврын боловсрол эзэмшээд түүнийгээ дадлагажуулж, бодит байдал ямар байна вэ гэдэг талаар ойлголттой болсон хүн дараагийн шатны эрдмийн зэрэг цол хамгаалах судалгаа шинжилгээний бүтээл туурвил хийхэд илүү үр дүнтэй, онол практикийг хослуулж чаддаг.

5. ЭСЭЭ
Тэтгэлэгт хөтөлбөр болон сургуульд өргөдөл гаргах эсээнд чи өөрийн хүсэл зорилго, сурах гэж тэмүүлээд байгаа шалтгаан, их зүйл сураад буцаж эх орондоо ирээд түүнийхээ хэргийг хэрхэн гаргах талаар товч тодорхой, ерөнхий бус ойлгомжтой зүйл бичих зарчмыг баримтлах хэрэгтэй.

Энд чиний ганц давуу тал бол миний хэлэх гээд тойруулаад байгаа мэргэжил, туршлага, цаашдын зорилго гурваа маш сайн холбоод өгөх явдал юм.

Жишээ нь: “Манай МУ ашигт малтмалын нөөц баялаг ихтэй бөгөөд геологи, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас би (геологич, уурхайн инженер, баяжуулагч г.м) энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд их сургуулиа амжилттай (XXX голчтой) суралцаж төгсөөд XXX нэртэй компанид тэдэн жил ажиллаад, ийм зүйлүүдийг хийж үзэж туршлага хуримтлуулчхаад байна. Одоо би өөрийн үндсэн мэргэжил, туршлага хоёр дээрээ тулгуурлаад,  манай энэ салбарт, байгууллагад маш их хэрэгцээтэй байгаа энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, судалж магистр, докторын зэрэг хамгаалах зорилготой байна”. Энэ бол зүгээр зохиомол жишээ. Заавал уран яруу, тулгамдсан асуудлыг тэнгэр нурах гэж байгаа юм шиг хөндсөн байх албагүй, энгийн ямар ч мэргэжлийн хүн уншихад ойлгомжтой чиний хэлэх гээд байгаа зүйлүүд хоорондоо холбоотой, амьдралд ойр байх ёстой. Эсээг эртнээс бодож тунгаасны үндсэн дээр бичих, бусдаар санал шүүмж хийлгэх гэх мэтээр цаг хугацааны хувьд сайжруулж чанаржуулах боломжтой шүү дээ.

Судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалах чиглэлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд олон бөгөөд өргөдөл гаргагчийн өмнөх туршлага, удирдагчаа олох, сэдвийн шинэлэг тал, үйлдвэрийн практик болоод нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой байдал дээр нэмэх нь өөрийн тэмүүлэл сонирхлыг материал бүрдүүлэлт, эсээ, тодорхойлолтдоо маш сайн гаргаж өгөх хэрэгтэй.

Энэ бүгдээс чамайг тухайн сэдвээр судалгааны ажил хийх чадвартай эсэхийг чинь харна. Курсээр хичээл сонгож үзэх бол тухайн курс хөтөлбөрийн бүтэц, заагдах хичээлүүдийг веб сайтаар нь орж судалж үзсэний үндсэн дээр яг ямар мэдлэг хуримтлуулж, одоо чамд хэрэг болж байгаа болон ирээдүйд юу хийх чадвартай болох тухайгаа дурдаж өгөх нь зүйтэй.

6. ТОДОРХОЙЛОЛТ ЗАХИДАЛ
Тодорхойлох захидлын тухайд гэвэл ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд их сургуулийн болон ажил мэргэжлийн талаас тодорхойлох хоёр хүний захидлыг шаарддаг.

Ийм тодорхойлолтыг аль болох мундаг том албан тушаалын доктор, профессор, байгууллагын захирлаас авах шаардлага байхгүй. Яагаад гэхлээр чамтай хамгийн ойр ажилдаг хүмүүс л чиний хэн бэ? гэдгийг сайн тодорхойлно.Тиймээс ямархуу оюутан байсныг хувь хүн талаас нь болон сурлага, хөдөлмөрийн амжилтын талаарх тодорхойлолтыг хичээл ордог байсан багш профессоруудаас авах. Мөн ажил мэргэжлийн талаас энэ хүн ямар ажил хийдэг, юу хийж чаддаг тодорхой чадварууд, туршлагын талаарх тодорхойлолтыг шууд удирдлага болон ахлах ажилтнаасаа авах нь зүйд нийцнэ.

Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороо биш гэдэгчлэн тодорхойлох захидал ерөнхий магтаал сайшаал бус аль болох тухайн хүний онцлогийг харуулсан тодорхой, оновчтой, тухайн хүний бодит байдлыг байгаагаар нь л тодорхойлсон байх ёстой. Ийм тодорхойлолтыг л шалгаруулах комиссынхон хүлээж суугаа.       

7. ЯРИЛЦЛАГА
Шалгаруулалт нь Монголд хийгддэг тэтгэлэгт хөтөлбөрүүд голдуу ярилцлага хийдэг. Мөн зарим сургуулиас зарласан тэтгэлгийн эхний шалгаруулалт (short list) –д тэнцсэн бол онлайн (skype, утас г.м) –аар холбогдож ярилцлага хийх тохиолдлууд болон ярилцлага хийхгүйгээр бүрдүүлсэн материалд үндэслэн шалгаруулалтын үр дүнгээ эцсийн байдлаар гаргадаг тэтгэлэгт хөтөлбөрүүд ч бас байдаг.

Таны сонирхсон тэтгэлэг ярилцлагаа яаж зохион байгуулдаг, шалгаруулах процесс хэрхэн явагддаг талаар веб сайтаар нь ороод мэдэх боломжтой. Миний өгөх зөвлөгөө бол маш сайн бэлтгэлтэй ороод “өөртөө итгэлтэй” өгөгдсөн хэдэн минутыг бүрэн дүүрэн ашиглаж чи хэн бэ? гэдгээ сайтар таниулах явдал юм.

Тэгэхээр яаж бэлдэх вэ? гэдэг асуулт тулгарна. Мэдээж чи өөрийнхөө зорилго, суралцах төлөвлөгөө, яагаад энэ чиглэлээр, энэ тэтгэлгээр сурах гээд байгаа г.м шалтгаанаа л ярих болно. Энэ нийтлэлд онцолж буй өөрийн үндсэн мэргэжил, ажлын туршлага, эсээ болон тодорхойлох захидалд бичигдсэн зүйлсээ хооронд нь сайхан уялдуулаад, түүнийгээ баталгаажуулах замаар ярилцлага өрнүүлэх нь зүйтэй. За тэгээд ажилд орох ярилцлага болон бусад төрлийн ярилцлагуудад асуугддаг түгээмэл асуултууд тэдгээрт хэрхэн бэлтгэх, хариулах гээд л интернетээс хайхад гараад ирнэ дээ.

8. БУСАД 
Чи өөрөө боломжийг бий болгохгүй бол чаддаг хүмүүс цаана чинь энэ эрэлттэй зах зээлд чиний хүсэл мөрөөдлийг бизнес болгож байна. Бараг бүх тэтгэлгүүд онлайн аар өргөдөл авдаг ба ихэнх нь үнэ төлбөргүй байдаг. Гэтэл зуучлалын төвүүдээр дамжуулж өргөдөл гарвал мэдээж чамаас төлбөр авна. Яагаад гэхээр тэд чамд үйлчилгээ үзүүлж байгаа болохоор тэр. Мөн чамд тэтгэлэг авч чадна гэдэгт баталгаа өгөхгүй, бүрдүүлсэн материалын чинь бүрэн эсэхийг л шалгана уу гэхээс биш чиний бичсэн эсээ бусад зүйлүүдэд дорвитойхон зөвлөгөө өгөхгүй болж байна гээд л авчихна. Зарим сургуулиуд урилга авахаар өргөдөл гаргахад үнэгүй байдаг.

Түүнээс биш хэн нэгэн хүн эсвэл албан байгууллага 100 хувь баталгаатай виз гаргаж өгнө гэсэн юм бол байхгүй. Таны виз гарах эсэхийг бүрдүүлсэн материалын үнэн зөв, бүрэн бүтэн байна вэ гэдгээс хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эхлээд эх орондоо амжилттай байж гэмээнэ гадаадад суралцах үүд хаалга чинь нээгдэнэ. Чиний хэн  Чиний хэн бэ? гэдэг (background) ийг чинь их хардаг болсон цаг үе шүү. 

Нийтлэлийг бэлтгэсэн: Г.Ишжанцан

 

TWEET  4249 ХУВААЛЦАХ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
57

9

1

1

24 СЭТГЭГДЭЛТЭЙ

Нэр...

Сэтгэгдэл... 0/1000
iKon сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
НИЙТЛЭХ 
ЭХНИЙ
СҮҮЛИЙН
Сараа[103.23.51.4]2017/3/5
Сайн байна уу? Солонгос улсад хүнсний чиглэлээр ямар мэргэжлээр илүү түлхүүү хөгжсөн байдаг вэ? Мэддэг хүн байвал хэлж өгч туслаач. Хүнсний чиглэлээр ажилладаг хүнд ямар боломж байна. Баярлалаа.
0|0Хариулах
Ц.Хулан[203.91.115.39]2016/10/12
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргье.Таны бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаад өөр өөрөөсөө асуухаас өөр юм хийж чадахгүй байсан чухал ач холбогдолтой зүйлүүдийн талаарх ойлголт, юу чухал байдаг гэдгийг ойлгож авсан. Хэдий цахим мэдээллийн хэрэгслээр уншиж байгаа ч миний дэргэд, надтай ярилцаад миний асуух гэсэн асуултуудад минь хариулт өгч байгаа мэт санагдсан. Таньд маш их баярлалаа. Хүндэтгэсэн: Ц.Хулан
0|0Хариулах
Ishee[58.108.49.83]2016/8/21
https://www.dropbox.com/s/s3v5t6jaf9h8qku/%D0%93%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B4%20%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD%20%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%20%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D1%86%D0%B0%D1%85%20%D0%B2%D1%8D.pdf?dl=0
0|0Хариулах
Ishee[58.108.49.83]2016/8/21
https://www.dropbox.com/s/s3v5t6jaf9h8qku/%D0%93%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B4%20%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD%20%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%Daraah linkees buren eheer ni tataj awarai ishee.blogspot.com.au/2016/07/blog-post_29.html?showComment=1471446941076&m=1 D0%B3%D1%82%D1%8D%D0%B9%20%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D1%86%D0%B0%D1%85%20%D0%B2%D1%8D.pdf?dl=0
0|0Хариулах
Mongolia[124.158.126.139]2016/8/17
Би бодохдоо бол улсын тэтгэлэг бол бараг худал доор бичсэнчилэн хэний хэн ороод авчихна. Тэрний оронд хэдэн сар эсвэл жил ажил хийгээд олсон хэдээрээ хэлээ сайжруулаад гадаадын тэтгэлэгтэй сайтуудад орж анкетдаа бөглөсөн илүү үр дүнтэй шүү. Бас эссе энэ тэр дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Юу хүсээд байгаа эхлээд өөрөө олж мэд тэгэхгүй бол хэн нэгэн чамд олоод өгдөг юм бол биш шүү. Жаахан бодитой байгаад хичээвэл болохгүй зүйл үгүй бөлгөө.
0|0Хариулах
Гэрэл[202.179.31.16]2016/8/15
Сайн байна уу. би орон нутгийн өмчит компанид мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байгаа юмаа. ШУТИС-г үйлдвэрлэлийн менежментээр, Дараа нь МУИС-г нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. сурлагын голч оноо 3,2. Одооноос гадаадад магистрт сурах сонирхол төрөөд байгаамаа. надад зөвлөгөө өгөөч. надад байгаа ганц бэрхшээл хэл л байна. ямар чиглэлээр яаж тэтгэлэг хайх вэ. хариу
0|0Хариулах
Зөвлөгч[124.158.126.139]2016/8/17
Хариулт бол маш энгийн хэлээ сайжруул, зорилгоо тодорхойл. Тэгвэл суралцах чиглэл чинь тодорхой болно. Чиглэл нь тодорхой болвол авах гэж байгаа тэтгэлэг чинь тодорхой болно. OKey
1|0Хариулах
Бямбаа[137.226.140.118]2016/7/30
Монголын ухаант залуус аа, бид дэлхийн мэдлэгээс хоцрохгүй гэж эрдэм хөөх нь зөв өө. Харин бидний харь орон зорих гол шалтгаан нь биднийг амар тайван нөхцөлд, эрүүл саруул өсгөж өндийлгөсөн хайрт эх орон ард түмнээ бусад харь орноос дутууг нь гүйцээж хөгжүүлэх чин зорилго юм шүү. Өөрийн ганц олдох сайхан залуу насандаа харь орнонд татвар төлж эдийн засгийг нь хөгжүүлэх үү? Эсвэл сурсан эрдмээ чамайг өөрийн ах, дүү, хүү шиг боддог, эрийн гурван наадам үзэхээрээ яг чам шиг сэтгэл нь огшдог сайхан сэтгэлт Монгол хүний төлөө татвараа төлөх үү? Аль нь чухал гэдгийг бодох хэрэгтэй
7|2Хариулах
Бямбаа[137.226.140.118]2016/7/30
Би өөрөө ХБНГУ-д инженерийн чиглэлээр сурч байна, төгсөөд эх орондоо татвараа төлнө!
8|0Хариулах
Бямбаа[137.226.140.118]2016/7/31
хэхэ "Эсвэл сурсан эрдмээ" гэдгийн ард "ашиглаж" гэдэг үг гээсэн байна. Шууд засварлаж болдоггүй юм байна
1|0Хариулах
Зочин[80.171.185.145]2016/7/30
erthen uchraa olj erthen zoosoo olj ehleye gej bodvol erthen l surah chiglelee todorhoilj golch dungee sayjruulj helee surch baysan n deer bayh. Suragch bayhdaa togsohoos 2-3 jiliin omno yadaj uhaan orvol.Gaygui duntey bish bol. Internet gej sayhan yum ta nart bayna.
0|0Хариулах
Urlag[103.10.23.245]2016/7/30
Urlagiin chigleleer Nariiwchilbal jujigchin nairuulagchiin chigleleer masteriin tetgeleg haigaad olohgvi ymaa. Chig zvg gargaj uguh hun bwal tuslaach.
0|0Хариулах
Galaa[140.112.7.148]2016/7/30
https://www.facebook.com/groups/MGLinTaiwan/ manai grouped buh medelel bi shu
0|0Хариулах
Зочин[103.212.118.131]2016/7/30
бакалавргүй мөртлөө нас 27 гарцан тийм хүн боломж бий юу? Ямар зөвлөгөө өгөх вэ ахан дүүс минь.
0|0Хариулах
Зочин[139.5.219.64]2016/7/30
Ийм насан дээр бакалаврын тэтгэлэг хайж насаа бараад юу хийхэв дээ. Харин оронд нь Монголдоо нэг оройгоор сурахынхаа хажуугаар ямар ч хамаагүй ажил хийгээд 2,3 жилийн дараа төгсөхөөрөө мэргэжлээрээ ажиллаж 2 жил болоход харин нэг мастерын тэтгэлэг бол олдоход амар болно доо. Been there, done that.
4|0Хариулах
Bolomj[140.112.7.148]2016/7/30
https://www.facebook.com/groups/MGLinTaiwan/ bailgui nyah be
0|0
Зочин[80.171.185.145]2016/7/30
surahad hezee ch oroitohgui. unegui surdag ornuud bayna medeelel ih tsugluulaad bayhaar shiid ayandaa garaad baydag.
1|0Хариулах
Зочин[111.248.78.198]2016/7/30
Олон хүүхэдэд тэтгэлэг авахад нь тусалж байлаа, манайхан тэтгэлэг авахад хэлний оноо хамгийн гол Бдаг гэж эндүүрдэг, гэтэл магистер доктор: хамгийн гол нь 2 багшын тодорхойлолт захиа болон study plane хоёр бдаг, харин бакалаварт бол эссе их чухал бдаг.жнь инженерийн ангид орох гэж байгаа хүүхдийн багшын тодорхойлолт дээр манайхан: энэ хүүхэд сэргэлэн цовоо, анги хамт олондоо нэр хүндтэй, урлаг спортын арга хэмжээнд сайн оролцдог гээд эхэлдэг ингээд тодорхойлт захиа биш болж байгаа юм. Харин study plane дээрээ намайг тэр овогтой тэр гэдэг би айлын тэддүгээр хүүхэд, бие хааны хөгжил сайн энэ сургуулиад сурж ээжийгээ баярлуулах гэсэн юм эдэр гээд биччихсэн байдаг нь алдаа болдог. Сургууль нь бол чи айлын хэддүгээр хүүхэд бх нь, спорт урлагт идэвхтэй байх нь гэх мэт зүйлүүдийг хардаггүй тухайн инженерийн мэргэжилээрээ сайн сурч чадах чадвар суусан эсэх, цаашид, улам сайн өсөж дэвшиж чадна гэдэгээ л багшын тодорхойлолт болон study plane хоёроороо яс тоочны батлаж харуулвал л тэтгэлэг өгдөг
6|0Хариулах
Зочин[103.212.118.131]2016/7/30
study plan?
0|0Хариулах
Urlag[103.10.23.245]2016/7/30
Urlagiin chigleleer Nariiwchilbal jujigchin nairuulagchiin chigleleer masteriin tetgeleg haigaad olohgvi ymaa. Chig zvg gargaj ugch tuslaach
0|0Хариулах
Zochin[130.56.207.177]2016/7/30
harin ediin zasag, sanhuu ene ter gd huurhii hiisen ajil ni heden tugrug oldog ch 1000 aimar angli heltei bgaad turd l bish bol huvias tetgeleg avch yavna gj barag l bhgui shdee, mgliin taliin oroltsoogui shiidegddeg japan ntriin tetgelgees busad ni oldohgui shuu, mgliin tal oroltsvol tgl nuguu henii henii hen orood nuguu heneer heluuleel avchna shdee
8|0Хариулах
Мхн[59.153.112.136]2016/8/4
Яг үнэн одоо тийм л бн дөө танил тал мөнгө төг харж байж л авна
0|0Хариулах
Zochin[130.56.207.177]2016/7/30
turd heden jil tsalin muutaihan shig zutgechih, hel us muutai, ajil turulduu gavihgui ch 5 jiliin daraa ali 1 ulsiin tetgeleg naidvartai, hel us saitai bol olon ulsiin tusul hutulburt orood ajilchih, yalanguya buyanii, tgd 3 jiliin daraa tetgeleg naidvartai, esvel hen ch sonirhdoggui, hend ch hereggui yum shig murtluu ulsiin mungiig bugdii ni urdeg baigal orchin, himi tehcnology ntr gd ezemshsen hun ni mungu oldoggui mergejil bachelor,too ezemsh, tgl tetgeleg naidvartai
12|0Хариулах
Xexe[202.126.91.217]2016/7/30
heregtei medeelel oruulj ogson bayrlla :D
1|0Хариулах

У.АНАР: Өнөөдрийн хариуцлагатай үйл чинь дараа, дараагийн боломжийн эхлэлийг тавьж байдаг.


У.АНАР: Өнөөдрийн хариуцлагатай үйл чинь дараа, дараагийн боломжийн эхлэлийг тавьж байдаг.

Дэлхийн шилдэг 50 Их сургуулийн нэг Квийнсландад багшилдаг, Олон улсын нэр хүнд бүхий эрүүл мэнд, судалгаа, шинжилгээний зөвлөх компани болох  Abt Associates Consulting –нд ажилладаг Монгол эмэгтэйтэй уулзаж, танилцах боломж Австралийн Брисбэн хотод бүрдсэн юм.

Тиймээс ч Улыкпаны Анар гэх энэхүү хөдөлмөрч бүсгүйг бусдад үлгэр болоосой гэж  iKon.mn сайтын "Өглөөний Хүн" буланд урьж ярилцлаа.

Тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Английн Лийдсийн Их сургуульд мастер, Австралийн Квийнсландын Их сургуульд докторын зэрэг хамгаалаад байна.

Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, олон улсын туршлага ч их ажээ.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: У.АНАР - @ul_anar
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА  - Bolortuya Chuluunbaatar Page
Гэрэл зургийг: М.ОЗАТ
НЭГ. АВСТРАЛИД ИРСЭН ТҮҮХ


Докторын сургалтын гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрөөс тэнцсэн хариу авсан
- Таны Австралид ирэх болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье.
- Энд ирэх болсон түүх их сонин. Мастерийн судалгаанаас хэдэн жилийн дараа дахин эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхол төрж эхэлсэн. Тухайн үед Монголд  болон бусад хөгжиж буй орнуудад гадаадын олон байгууллагаас эрүүл мэндийн хөтөлбөр, тусламж, мөнгө ирдэг ч үүний үр дүн хэр байдаг болох, эрүүл мэндийн салбарт бодит өөрчлөлт гарч байгаа эсэх нь миний сонирхлыг их татсан л даа. Тиймээс ч 2010 онд эрүүл мэндийн салбар дахь зээл тусламжийг хэрхэн зүй зохистой ашиглах ёстой вэ гэсэн судалгааны төслөө бичсэн юм.

PhD судалгааны төсөл бичих гэж байгаа бол эхний ээлжинд тухайн судалгааны ажлыг удирдах профессороо олсон байх ёстой. Миний хувьд тухайн үед Австралийн Их сургуульд сурсан туршлага байхгүй, энд ямар ч харилцаа холбоогүй байсан. Гэхдээ би Английн Лийдсийн Их сургуульд мастераа хамгаалчихсан байсан үе. Тиймээс ч энэ сургууль руугаа хандсан. Ингэхдээ, би Англид биш Австралид сурах сонирхолтой байгаагаа хэлж холбогдох профессорыг санал болгохыг хүссэн юм. Тэгсэн надад яг профессор санал болгоогүй ч Квийнсландын Их сургуулийг Нийгмийн Эрүүл Мэндийн чиглэлээр маш сайн судалгаанууд гаргадаг гэж онцолж санал болгосон.

Ингэж Квийнсландын Их сургуулийн профессоруудын жагсаалтыг харж байтал миний мастерийн судалгаандаа бүтээлүүдийг маш их ашиглаж байсан Питер Хилл гэж профессор маань гараад ирсэн. Маш их олзуурхаад энэ хүн рүүгээ ч захиа бичсэн.

Би их азтай. Нэг л профессор руу захиа бичсэн. Хариу нь их эерэг ирсэн. Сүүлд сонсож байх нь ээ докторт суралцах хүсэлтэй судлаачид маань маш олон бараг л 20, 30 профессор руу захиа бичиж барагтаа бол хариу авдаггүй, авсан ч эерэг, сөрөг янз бүрийн хариу авдаг юм билээ.

Харин миний хувьд нэг л хүн рүү захиа бичсэн. Түүнээсээ сайн хариу авсан. Үүгээрээ би их азтай байсан юм билээ. Тухайн үед ингэх ёстой юм шиг л санаж байлаа.

Гэхдээ судалгааны санал дэмжигдэнэ гэдэг  дөнгөж эхний алхам. Түүнээс энэ нь надад тэтгэлэг өгнө гэсэн үг биш.

"Докторын сургалтын гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт би өргөдлөө явуулсан. Гурвуулангаас нь тэнцсэн хариу авсан"
Профессор Питер Хиллээс миний судалгааг удирдах боломжтой гэсэн хариу авсныхаа дараа Австралид ямар, ямар тэтгэлэг олох боломж байна вэ гэдгийг дараагийн шатанд судлах шаардлага гарсан. Ингээд гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт би өргөдлөө явуулсан. Гурвуулангаас нь тэнцсэн хариу авч тэндээсээ “Endeavor award” тэтгэлэгт хөтөлбөрийг нь сонгож  2011 онд Австрали Улсад гэр бүлээрээ ирсэн.

- Докторын судалгааны үйл явцынхаа талаар сонирхуулахгүй юу. Дээр ярьж байсан сэдвээрээ хамгаалсан байх. Тийм үү?
- Тийм ээ. Монгол Улсад үзүүлж байгаа эрүүл мэндийн зээл, тусламж хэр үр дүнтэй байна вэ. Хэрхэн бид зээл тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх вэ гэдэг талаас бусад ижил төсөөтэй улс орнуудтай харьцуулан судалсан юм.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хувьд 1990-ээд оноос 2000 оны эхэн үе хүртэл гадаадын зээл тусламжаас ихээхэн хамааралтай гэж хэлж болохоор үе байсан. Мэдээж Оросоос ирж байсан бүх тусламж зогссон. Эмнэлгүүд эмийн нөөцгүй болсон. Тэр үед донор орнуудын зээл тусламжууд маш ихээр  орж ирж эхэлсэн. Тэгвэл тэдгээр зээл тусламж яг хүссэн үр дүнг авчирч чадсан эсэх, салбар цаашаа өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээнд дэмжлэг болж чадсан уу гэдгийг судлах сонирхолтой явж ирсэн. Мөн зээл, тусламжийн менежментийн ямар хэлбэрийг улс орон сонговол илүү ач холбогдолтой вэ гэдгийг судалсан.

Судалгааны үр дүнг тоймлоод хэлбэл, 2010-2013 онд Монголын Эрүүл  мэндийн салбарт нийт 303 сая долларын зээл тусламж гаднаас авсан байдаг.

Гэхдээ энэ тоонд төрийн бус байгууллагуудад ирдэг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн зээл, тусламж ороогүй шүү.

Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн хэрнээ бидэнд ирсэн бодит үр дүн хангалттай юу гэвэл үнэндээ хангалттай биш.

Аливаа тусламж үйлчилгээг гурван янзаар ангилдаг.

Input буюу орцод чиглэсэн,
Process буюу үйл явц руу чиглэсэн,
Outcome/Result буюу үр дүнд чиглэсэн гэж гурав ангилна.
Монголын хувьд орцод чиглэсэн тусламж нь давуу байсан. Энэ нь буруу биш. Яг хэцүү үед буюу бидэнд байхгүй эм тариа, тоног төхөөрөмжийн хангамж эсвэл шууд мөнгөн тусламж өгчихдөг байж. Гэхдээ энэ төрлийн тусламж нь тогтвортой хөгжил гэдэг зүйлийг авчирдаггүй.

Үндсэндээ судалгааны үр дүнгээр өнгөрсөн хугацаанд ирсэн зээл тусламжууд тодорхой хэмжээнд үр ашгаа өгсөн. Гэхдээ энэ нь зөвхөн асуудлын шинж тэмдгийг л арилгахад зориулагдсан байна.

Бидний толгой өвдөж байх үед л өвчин намдаах эм өгсөнтэй адил гэсэн үг. Гэтэл бид толгой өвдөж буй үндсэн шалтгааныг нь олоогүй, эмчлээгүй. Маргааш толгой дахиад л өвдөнө гэсэн үг.

- Үндсэн шалтгааныг тэгвэл яаж олж эмчлэх вэ. Үүнд танд гаргалгаа бий юу?
- Гаргалгааг хэн нэгэн гаднаас авчрахгүй бид өөрсдөө л олно. Гэхдээ мэдээж бусдын туршлагаас суралцана, алдааг нь давтахгүй байх нь чухал. Би судалгаагаа зөвхөн Монгол биш бидэнтэй ойролцоо хөгжилтэй, ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулан хийсэн. Төв Азийн Тажикстан, Туркменистан, Киргизстан, Узбекистан гэсэн орнуудтай харьцуулж судалсан. Гарааны болоод хөгжлийн түвшин ойролцоо байсан. Байгууллага, хүмүүсийн сэтгэлгээний соёл зэрэг нь ч ойролцоо орнуудтай харьцуулсан.

Тэгтэл энэ орнуудтай харьцуулахад Монгол илүү нээлттэй, илүү зөв замыг сонгосон гэж харагдсан. Яагаад гэхээр дээрх улсууд нь хэдийгээр чөлөөт зах зээлд, ардчилалд шилжсэн гэж ярьдаг ч тэдний нийгэм хаалттай хэвээр байдаг. Тухайлбал, хэт нэг даргыг шүтсэн, нэг хүнээс хамааралтай байдал байсан. Харин манай улсын хувьд ямар нэгэн асуудлыг бас ч гэж нээлттэй хэлэлцүүлдэг, засаглалын хувьд арай өөр замыг сонгосон. Энэ утгаараа донор орнуудтай харилцах харьцаа ч арай ахицтай. Киргизстаны хувьд зарим талаараа манайхаас илүү зүйл байсан. Жишээ нь, салбарын хэмжээний хандлага буюу Sector-wide Approach (SWAp)-ыг эрүүл мэндийн салбартаа амжилттай хэрэгжүүлж гаднаас ирсэн зээл тусламжийг өөрийн улсын тэргүүлэх бодлого чиглэлдээ ашиглах тал дээр илүү байсан. Үүний хүрээнд Киргизстан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоогоо илүү сайжруулсан туршлага байдаг.

- Монгол Улсын хөгжлийн зэрэглэл дээшилсэн учир гадны донор тусламжууд ч буурсан гэдэг. Хамгийн гол нь энэ дунд тусламжаар боломжийн сайн чанартай эм, тариа хэрэглэчихдэг байсан нь зогссон. Харин одоо өөрсдөө тендер зарлаж нийлүүлж байгаа эм, тариа, витамны чанар эрс муудсан гэх юм билээ. Энэ талаар та судалж үзэв үү?
- Өөрийн чинь хэлж байгаа зөв. Монгол Улс бага орлоготой орон гэдгээс дунд орлоготой орон гэдэг ангилал руу 2012 онд шилжсэн. Дунд орлоготой орон дотроо доогуур-дунд  (lower-middle), дээгүүр-дунд (higher-middle) орлоготой гэж ангилдаг. Үүний доогуур - дунд орлоготой улсын ангилалд байдаг.

Дэлхийн Банкны ангиллаар бага орлоготой орноос дунд орлоготой орон гэдэг ангилалд шилжсэнээр тодорхой хэмжээнд зээл, тусламж зогссон. Бага орлоготой оронд эрүүл мэндийн тусламжийг ихэвчлэн буцалтгүй тусламж хэлбэрээр олгодог. Гэтэл манай эдийн засгийн өсөлт нэмэгдэж ангилал дээшилсэнээр буцалтгүй тусламж  ихээхэн буурсан. Гэхдээ энэ тийм муу зүйл биш шүү дээ. Буцалтгүй тусламж багасч байгаа боловч маш бага хувийн хүүтэй зээлжих эрх байгаа. Миний бодлоор энэ бол илүү зөв арга зам. Яагаад гэхээр зээл хэлбэрийн тусламжинд өгч, авч байгаа хоёр тал хоёулаа илүү хариуцлагатай ханддаг. Зээлийн тусламжийн нөхцөл, шаардлага ч арай илүү үр дүнг шаарддаг.

ХОЁР. МОНГОЛ ДАХЬ АЖИЛ, ХӨДӨЛМӨР


Би хувь хүнийг эмчлээгүй ч бүхэл бүтэн системийг эмчлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж өөрийгөө жаахан тайвшруулах үе бий
- Монголд та ямар, ямар төслүүд дээр ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
- Би хүний их эмч мэргэжилтэй. Дараа нь хүүхдийн эмчээр резидентур төгссөн. Хүүхдийн эмчээр мэргэшиж сурч байхдаа Эх нялхаст ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ажигласан зүйл маань гэвэл бас л хүүхдийн эм тариа, ор хүрэлцээгүй, байдал байв. Бид бүгдээрээ эрүүл мэндийн даатгалтай хэрнээ яагаад эмнэлэгт ирэхээрээ эм, тариа нь хүрэлцдэггүй вэ. Даатгалд тэгээд юу хамаарч байна вэ, яавал хүн амдаа ээлтэй эрүүл мэндийн салбартай болох вэ гэсэн асуулт дотор минь явдаг байлаа.

Энэ үед Эрүүл Мэндийн Яаманд Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл Японы санхүүжилттэйгээр эхэлсэн юм. Энэ төсөлд анх Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн бэлтгэл ажилд туслах, зарим нэг зүйлийг нь орчуулж өгөх зорилгоор ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед би Эх Нялхаст Америк эмч нарын удирдлага дор ажиллаж, сурч байсан учраас  англи хэл маань харьцангуй сайжирсан байсан юм.

Энэхүү төслийг ЭМЯ болон Японы ЖАЙКА-ийн дэргэдэх Эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага болох JICWELS-тэй хамтарч хийсэн.

2003 оноос хойш Эрүүл Мэндийн Яамны Мастер төлөвлөгөөний үндсэн багт ажиллах болсон юм.

Мастер төлөвлөгөө маань ч батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл миний хувьд Эрүүл Мэндийн салбарт томоохон нөлөө үзүүлсэн гэж боддог.

Зарим хүн ийм төлөвлөгөө баталсанаар хэнд хэрэгтэй, ямар өөрчлөлт авчрах юм бэ гэж асуух, эргэлзэх хандлага ч байсан. Миний хувьд энэ төсөл бага зардлаар хамгийн өгөөжтэй үр дүнг авчирсан төсөл гэж боддог. Ганцхан жишээ дурдая. Мастер төлөвлөгөө батлагдахаас өмнө донор орнууд манайд төсөл хэрэгжүүлэхдээ өөрсдийнхөө төлөвлөгөөтэй ирдэг. Тэгэхэд манай улсад өөрсдийнхөө асуудлыг цогцоор нь харсан мастер төлөвлөгөө байгаагүй учраас юу ч байсан хүлээн зөвшөөрөөд л авдаг байв. Тэгтэл Мастер төлөвлөгөөний хамгийн наад захын үр дүн гэхэд л салбарынхаа тэргүүлэх чиглэлийг тогтоох, сул, давуу чанараа тодорхойлж, цогц анализ хийх боломжийг гаргаж өгсөн.

Гадны ямар нэгэн донор байгууллагад хандсан ч гэсэн өөрсдийн гэсэн менютай болж чадсан. Энэ төслийг боловсруулах, хэрэгжүүлэх гээд нийтдээ таван жил ажилласан юм.

- Эхний төсөлдөө ажиллах явцдаа та мастерт сураад ирсэн гэж байсан. Тийм үү?
- Тийм ээ. Английн Лийдсийн Их сургуульд Нийгмийн Эрүүл Мэндийн чиглэлээр мастер хамгаалсан. Лийдсийн сургуулийнх нь тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд суралцаад ирсэн. Мастер хамгаалсан сэдэв маань мөн л Эрүүл мэндийн салбарын хэмжээний хандлага, байгууллагын соёлын асуудал байсан. Монголд ирээд яг энэ судалгааныхаа дагуу ажиллах боломж бүрдсэн. Юу гэхээр батлагдсан Мастер төлөвлөгөөгөө  хэрэгжүүлэх багт салбарын хэмжээний хандлагыг хөгжүүлэх тухай асуудал яг яригдаж байх үед би энэ чиглэлээр сурч ирсэн юм. Тиймээс ч энэ асуудлыг нь хариуцан ажилласан.

- Та багахан хугацаанд мэргэжлээрээ буюу эмчээрээ ажилласан юм байна. Судлаач, бодлого тодорхойлогч болчихсон хойноо эмчээрээ эргэж ажиллах талаар бодож байв уу?
- Харуусал төрдөг нэг зүйлийн нэг яах аргагүй мөн. Анх Анагаах Ухааны Их сургуульд элсэхдээ хүн бүр л сайн эмч болох зорилготой ордог. Чагнуур зүүгээд, цагаан халатаа өмсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа найз нөхөддөө сэмхэн атаархах үе байна. Яг л миний хүссэн мэргэжил. Гэхдээ би хувь хүнийг эмчлээгүй ч бүхэл бүтэн системийг эмчлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж өөрийгөө жаахан тайвшруулах үе бий (инээв).

Хувь хүн ч тэр, байгууллага ч, улс орон ч гэсэн өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй бол хаана хүрэхээ мэдэхгүй шүү дээ.
- Азийн Хөгжлийн Банкны Эрүүл мэндийн салбарын бас нэгэн төсөлд ажиллаж байсан гэсэн. Австралид ирэхээсээ өмнө АХБ-нд ажиллаж байсан гэсэн үг үү?
- Тийм ээ. Мастер Төлөвлөгөө төсөл хэрэгжээд дууссаны дараа Азийн Хөгжлийн Банкны “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр – 3” гэдэг төсөл дээр Үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан. Салбарын хэмжээнд менежментийн чадавхыг бэхжүүлэх, Салбарын хэмжээний хандлагыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг хоёр үндсэн ажлыг хариуцаж ажиллаж байлаа.

- Монголын Эрүүл Мэндийн салбарт оруулсан миний гол хувь нэмэр гэвэл та аль ажлаа илүү тодотгож хэлэх вэ?
- Хийсэн ажлын тухайд аль болох би гэдэг үгнээс зайлхийдэг. Яагаад гэхээр ямар ч ажил нэг хүний хүчээр бүтэх боломжгүй.  Хамтаараа зүтгэж байж л сайн үр дүнд хүрэх боломжтой. Тиймээс ч миний хувь нэмэр гэхээсээ илүү Монголын Эрүүл Мэндийн салбарын Мастер Төлөвлөгөө боловсруулсан багийн гишүүдийн хувь нэмрийг онцолмоор байна. Салбараа бид бодитоор нь харж дүгнэсэн, сайн, муугаа ярилцсан. Салбарынхаа бүхий л түвшний менежерүүдийгээ оролцуулсан. Хувь хүн ч тэр, байгууллага ч, улс орон ч гэсэн өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй бол хаана хүрэхээ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ төслийн хүрээнд ядаж л бид хаана байгаагаа мэдсэн гэж хэлж болно.

ГУРАВ. АВСТРАЛИЙН ТУРШЛАГА


Abt Associates бол миний хүсч байсан компани учраас би дуртайяа энэ ажилд орсон
- Квийнсландын Их Сургуульд ирээд та ямар судалгаанууд хийсэн талаараа ярихгүй юу?
- Эхний дөрвөн жил өөрийнхөө дээр дурдсан судалгааны ажилд гол анхаарлаа хандуулсан. Үүний дараа Австралийн зарим судалгаанд оролцож ажилласан. Австралийн тухайд мэдээж манай улстай харьцуулахад Эрүүл мэндийн салбарын судалгаандаа зарцуулдаг төсөв гэдэг бол маш том. Энэ утгаараа судлаачдад маш их боломж байдаг.

Австралийн их сургуульд ажиллахад миний гол ажигласан зүйл бол эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бодлогын уялдаа холбоо маш сайн. Жишээ нь, судлаачид нийгмийн эрүүл мэнд дотроо сэтгэцийн эрүүл мэнд маш чухал асуудал болж байгаа судалгаа танилцуулахад л дараа жил нь төрөөс энэ чиглэлийн төсөв нэмэгдэх жишээтэй. Маш нягт холбоотой ажилладаг.

Квийнсландын Их Сургууль ч гэсэн өөрийн сүргалтын хөтөлбөр боловсруулах тал дээрээ нарийн судалгаатай ажиллах хандлагыг маш сайн хэрэгжүүлдэг. Энгийн жишээ гэхэд л, Би Квийнсландын Их сургуульд ажиллаж байх явцдаа Нийгмийн Эрүүл мэндийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээний ажлын хэсэгт оролцож ажиллаж байсан юм.

Эндхийн оюутнууд сургалтын хөтөлбөртөө үнэлгээ өгдөг юм. Энэ судалгаанаас гарч ирсэн үр дүнг нь дараа жилийнх нь сургалтын хөтөлбөрийг нь боловсруулахдаа ашиглаад явдаг байх жишээтэй.

- Судалгаан дээр үндэслэж их гоё уян хатан ажиллаж чаддаг юм байна. Харин манайд өчнөөн олон жил өөрчлөгдөөгүй хөтөлбөрөөр явж буй сургууль, хичээл байж л байдаг.
- Тийм. Энд хичээл бүрийнхээ төгсгөлд бид оюутнуудаасаа үнэлгээ авдаг. Тэр болгоныг нь сургалтын хөтөлбөртөө тусгаад, сайжруулаад явдаг гэсэн үг.  Гэхдээ үнэлгээ гэдэг нь зөвхөн онц, сайн, муу гэсэн дүн биш. Хичээлийн агуулга, чанарт маш нарийн санал, сэтгэгдлээ тусгадаг. Хамгийн гол нь оюутнууд нь ч түүндээ маш хариуцлагатай хандаж байна.

"Хичээлийн удирдагч маань анх намайг дадлага удирдсан багш болооч гэсэн санал тавьсан юм"
- Та анх Квийнсландын Их Сургуульд ирэхдээ багшилна гэсэн төлөвлөгөө байв уу. Энэ сургуульд багшлах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
- Хүн чинь төлөвлөөгүй байсан ч гэсэн хүрч болох шинэ боломжууд руу байнга тэмүүлж байж л ахидаг юм шиг байгаа юм. Мэдээж анх докторын сургалтанд ирэхдээ багшилна гэсэн төлөвлөгөө байгаагүй ч алсын тийм хүсэл эрмэлзэл байсан. Миний багшилж эхэлсэн түүх бол бас л их энгийн байсан.

Ер нь хүн ямар ч зүйлд хариуцлагатай хандаж чадвал шагнал нь ирдэг гэдгийг хэлмээр байна. Квийнсландын Их Сургуульд доктороор суралцахад заавал судлах шаардлагатай кредит гэж байдаггүй. Өөрийн судалгаандаа хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд сонгосон хичээлдээ сууж болдог. Миний хувьд “Эрүүл мэнд болон Хөгжил” гэсэн хичээлийг  сонгосон.  Энэ хичээлд суухдаа би бүх даалгавраа цаг тухайд нь хариуцлагатай биелүүлдэг байсан нь улирлын төгсгөлд хамгийн өндөр оноог авч чадсан байсан. Үүний дараа энэ хичээлийн удирдагч маань намайг дадлага удирдсан багш болооч гэсэн санал тавьсан юм. Миний хувьд докторын судалгааныхаа хажуугаар хийх боломжтой байсан учраас дуртай хүлээж авсан. Гэхдээ маш их айж байлаа.

Яагаад гэхээр би өөрийнхөө эх оронд биш, өөрийн сурсан боловсролын тогтолцоогоор бус, өөрийн хэл дээр биш, тэгээд янз бүрийн улсаас ирсэн олон жилийн ажлын туршлага, мэдлэг өндөртэй оюутнуудад хичээл заана гэдэг бол миний хувьд маш том сорилт байсан.

Багш  л гэхээр бүх хариулт надад байх албагүй л дээ, ер нь тийм байх ч боломжгүй. Гэхдээ хичээлийг сонирхолтой болгох, ярилцлага өрнүүлэх, чиглүүлэх хүн бол багш. Тиймээс дэлхийн шилдэг сургуульд багш хийнэ гэдэг маш өргөн цар хүрээтэй мэдлэг, ур чадвар шаарддаг. Тэр утгаараа үнэхээр амаргүй ажил, гэхдээ аливаа сорилт бүхэн шинийг сурах боломж олгодог шүү дээ, тийм болохоор сайхан.

Австралийн хуулиар би оюутан гэдэг утгаараа долоо хоногт 20 цагаас илүү ажиллах боломжгүй байсан. Тиймээс туслах багш гэж явдаг байв. Одоо мөн цагийн багшаар хичээл зааж байна.

- Квийнсландын Их Сургуульд докторын зэргээ хамгаалчихаад Abt Associates Consulting –нд орсон юм байна. Зөв үү?
- Сургуулиа төгсчихөөд нэг жил сургуульдаа “Гепатит С” төслийн судалгаанд ажилласан. 2015 оны 12-р сараас хойш  Abt Associates-ийн Австрали дахь салбарт ажиллаж байна.

- Одоо ажиллаж буй Abt Associates дэх ажлаа танилцуулахгүй юу. Яаж энэ компанид ажилд орсон тухайгаа ярьж өгөөч?
- Abt Associates –ийн хувьд 50 гаруй жилийн туршлагатай, нотолгоонд суурилсан судалгаа хийдэг маш нэр хүндтэй зөвлөх компани гэж мэддэг, үнэлдэг байлаа. Энэ компанийн Австрали дахь салбар миний амьдарч байгаа Брисбэн хотод байгаа нь надад их завшаантай хэрэг байсан. Тиймээс ч ажлын байрны зарлал гарахаар нь өөрийнхөө анкетийг явуулсан. Эхний удаад анкетаа явуулаад би сонгогдоогүй. Гэхдээ ярилцлаганд уригдсан. Брисбэний хувьд Сиднейг бодвол хүн ам цөөн, 2.2 сая гаруй хүн амтай. Тэр хэрээрээ ажлын байр цөөн. Нэг ажлын байран дахь өрсөлдөөн маш их. Abt Associatesийн ярилцлаганд дуудагдана гэдэг өөрөө миний хувьд маш том амжилт байсан. Гэхдээ эхний удаад би тэнцээгүй. Учир нь миний хандсан ажлын байр нь Австралийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагыг хариуцсан ажил байсан.  Австралийн дотоодын эрүүл мэндийн байгууллагад ажилласан туршлага байхгүй гэдэг шалтгаанаар ажилд аваагүй гэдгээ Abt Associates тайлбарласан.  Харин дөрвөн сарын дараа өөрсдөө дахиад залгасан. Ингэхдээ тэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн судалгааны ажлын байр гарсан, хэрэв та сонирхсон хэвээр байвал ирж уулзахгүй юу гэсэн. Тухайн үед би Квийнсландын их сургуулийн төсөл дээр ажиллаж байсан ч Abt Associates бол миний хүсч байсан компани учраас би дуртайяа энэ ажилд орсон.

- Одоо та яг ямар ажил, үүрэг хариуцаж ажиллаж байна вэ?
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Primary Health Network төслийн Судалгаа, мониторинг, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Хамгийн энгийн мөртөө онцолмоор зүйл гэвэл энэ улсын иргэдийн өөрсдийнх нь аливаад хандах хандлага, хариуцлагатай байдал юм.
- Монголдоо хэрэгжүүлж болохоор олон шинэ туршлагатай та нүүр тулж байгаа байх. Хамгийн түрүүнд юуг нь онцлох вэ?
- Эрүүл мэндийн салбар гэлтгүй энэ улсаас суралцах зүйлс мэдээж их. Гэхдээ бид олон зүйлээр ялгаатай, шууд хэрэгжүүлэх боломжгүй зүйлс их.

Хамгийн энгийн мөртөө онцолмоор зүйл гэвэл энэ улсын иргэдийн өөрсдийнх нь аливаад хандах хандлага, хариуцлагатай байдал юм. Ямар ч улс орны хөгжил хүнээсээ л хамаарна. Хүн л улсыг хөгжүүлнэ. Хүн өөрөө хариуцлагатай байх л юм бол бүх зүйлд ахиц гарна гэдэгт би итгэдэг.

- Австралийн Эрүүл мэндийн даатгалын зарчим ямар байдаг вэ?
- Австралид бусад өндөр хөгжилтэй орнуудын адил хувийн болон улсын даатгал аль аль нь бий. Төр эрүүл мэндийн зардлаа ихэнхийг нь хариуцаад явдаг. Эмчид үзүүлэх, шинжилгээ оношилгоо хийлгэх,  эмнэлэгт хэвтэх зэрэгт гарах зардлыг Medicare буюу улсын даатгал нь бараг бүрэн хариуцдаг.  Маш бага хэмжээний хувь хүний  төлбөр байдаг нь үндсэндээ зүй зохисгүй хэрэглээг хянахад чиглэгдсэн байдаг. Хүмүүс хүсвэл хувийн даатгалыг сонгож болно. Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо төр нь бодлогоор дэмжээд явдаг. Жишээ нь, өндөр орлоготой хүний татвар мэдээж илүү өндөр байна. Эдгээр хүний хувьд хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулаад, хувийн эрүүл  мэндийн байгууллагаар үйлчлүүлэх нь татварыг нь бууруулах давуу талтай байдаг. Энэ нь эргээд улсын эмнэлгийн  ачааллыг буруулахад эерэг нөлөө үзүүлдэг.

ДӨРӨВ. ХУВЬ ХҮН БА ИРЭЭДҮЙ


Өнөөдөр хийж байгаа сайн, хариуцлагатай үйл чинь дараа, дараагийн боломжийн эхлэлийг тавьж байдаг
- Та энэ компанидаа ямар хугацаанд ажиллах бодолтой байна вэ. Ирээдүйн төлөвлөгөөний тань талаар сонсоё?
- Ажил гэдэг бол миний амьдралын нэг л хэсэг. Шийдвэр гаргахдаа гэр бүлийн нөхцөл байдлаа одоо илүүтэй харж байж шийдвэрээ гаргах шаардлагатай.

Том хүү маань Австралид Их сургуульд элссэн. Тэгэхээр хүүгээ төгстөл ямар ч байсан энэ ажилдаа ажиллана гэж бодож байна. Мэргэжлийн хувьд олон улсын зөвлөх компанид ажиллана гэдэг бол миний хувьд маш том туршлага. Өдөр бүр шинэ зүйлд суралцаж байна.

- Австралид Монгол ч гэлтгүй олон орны залуус ирж суралцах хандлага улам бүр нэмэгдэж байх шиг байна. Яг Монгол залуусдаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
- Хүн болгон өнөөдөр хийж байгаа бүх л зүйлдээ хариуцлага гэдэг зүйлийг гүн ухамсарлаж хандах хэрэгтэй болов уу. Энэ нь чамд дараа дараагийн боломжийг бий болгож байдаг. Жишээ нь, мастерийн сургалтанд явахад л баклаврын дипломын голч оноо 3.5 –аас дээш байхыг шаарддаг. Хэрэв би Анагаахын Их сургуульд сурч байхдаа хичээлдээ хайнга хандсан бол ядаж л энэ шалгуурыг давахгүй. Тэгэхээр өнөөдөр хийж байгаа сайн, хариуцлагатай үйл чинь дараа, дараагийн боломжийн эхлэлийг тавьж байдаг юм шүү л гэж хэлмээр байна.

Мастерийн сургалтанд сурч байхдаа би Лийдсийн Их сургуулийн "John Griffith Award" авч байсан. Ийм шагналтай төгсч байсан маань магадгүй докторын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөс эерэг хариу авсан байх шалтгаан болсон байх.  Магадгүй энэ нь хамгийн том хүчин зүйл ч болсныг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр "John Griffith Award" нь Лийдсийн Их Сургуулийн тухайн жилийнхээ хамгийн шилдэг судалгаанд өгдөг шагнал юм.

Хүний тэвчээрийн хязгаар гэж байдаг бол түүнээсээ арай ахиу ажиллаж байж л хүн амжилтанд хүрэх байх.
- Таны амжилтын нууцыг хариуцлагатай байдал гэж томъёолж болох уу?
- Хүн амжилтанд хүрэхийн тулд заавал гоц ухаантай байх албагүй. Ухаантай, чадалтай нь биш хамгийн тэвчээртэй нь амжилтанд хүрдэг гэдэг үг байдаг даа.
Хэрвээ миний одоогийн байгаа байдлыг амжилт гэж байгаа бол би жаахан тэвчээртэй л байсных байх. Зорилго тавьсан бол түүндээ тууштай, хариуцлагатай хандаж хүрэхийг хичээдэг.

Хүний тэвчээрийн хязгаар гэж байдаг бол түүнээсээ арай ахиу ажиллаж байж л хүн амжилтанд хүрэх байх.

Мэдээж чамд маш их өрсөлдөгч хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ хүн болгонд адилхан өдөрт 24 цаг байдаг. Байгаа цагаа л маш зөв ашиглах хэрэгтэй.

- Монгол, Англи, Австрали гээд гурван улсад боловсрол олж авахад тогтолцооны хувьд ямар ялгаануудыг мэдэрч, даван туулав?
- Австралийн боловсролын хамгийн гол зүйл нь аливаа боловсрол олж байгаа хүнийг critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээ рүү түлхэж өгдөг. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харахыг маш их дэмждэг.

Монголын бололвсролын тогтолцоог муулж байгаа юм биш. Харьцуулж хэлвэл, манайд асуулт асуухыг, шинэлэг байхыг нэг их дэмждэггүй. Багшийн хэлсэн зүйлийг л эргээд хэлчихвэл сайн оюутан болчихдог тал байдаг шүү дээ. Шүүмжит сэтгэлгээ зэргийг төдийлөн дэмждэггүй. Анх Англид очоод надад гарч байсан зөрчил гэвэл суралцах арга барил, сэтгэлгээний ялгаатай байдал.

Бид ерөөсөө асуулт асууж сураагүй юм байна гэдгээ ойлгосон.
Бид ерөөсөө асуулт асууж сураагүй юм байна гэдгээ ойлгосон. Өөрт асуулт байсан ч асууж зүрхэлдэггүй ч юм уу, буруу бол яана гэх айдас надад байсан. Харин явцын дунд тэнд буруу асуулт гэж байдаггүй, буруу хариулт л гэж байдаг юм байна гэх ухааныг нь ойлгосон.

Манай хүү жишээ нь, Монголд байхдаа Орос сургуульд сурч байгаад Австралид ирсэн. Орос сургуулийн хувьд чанга сургалттай. Чанга байхын сул тал нь хүүхэд ерөөсөө асууж сураагүй байдаг юм байна. Багшийн хэлснээс огт гаждаггүй, өөрөөр сэтгэх боломжийг нь өгдөггүй тал бий. Тэгэхээр хүү маань энд ирээд бас л цоо шинэ соёлын өөрчлөлтөд орж, суралцах шаардлагатай болж байгаа юм.

Шүүмжит сэтгэлгээ буюу аливаа зүйлийг задлан нягтлан ойлгох, түүнийгээ илэрхийлэх, шинэ зүйл, санаа олох, нээх, асуудлыг асуух, бичих, ярих гээд олон зүйлд бид хүүхэд байхдаа суралцах ёстой. Гэтэл бид насанд хүрсэн хойноо эдгээр хамгийн чухал ур чадварт суралцаж бусадтай зэрэгцэх гэж хичээж байна шүү дээ.

Ар талын баттай дэмжлэг байгаагүй бол би одоогийн нөхцөл байдлын хаана нь ч хүрэхгүй байсан
- Та гэр бүлийн гишүүдээ танилцуулж болох уу?
- Болно оо. Нөхрийг маань М.Озат гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй.  Миний ажлыг их дэмждэг.  Маш сайн нөхөр. Ер нь хүн амжилттай байхад ар гэр маш чухал. Ар талын баттай дэмжлэг байгаагүй бол би одоогийн нөхцөл байдлын хаана нь ч хүрэхгүй байсан байх. Жишээ нь, том хүүгээ төрсний дараа ч Монголд байхдаа эмчийн ажлаа хийдэг байсан учраас цаг наргүй л ажилладаг байлаа. Сүүлд охин маань Австралид докторын судалгаагаа хийж байхад төрсөн. Охиноо мөн л нялх байхад нь судалгааныхаа дагуу олон улсын хурал, уулзалтад маш их оролцож хүүхдүүдээ нөхөртөө даатгаад үлдээх тохиолдол олон. Найдвартай ар тал байгаагүй бол би тэр бүхнээс хоцроод л явах байсан байх. Том хүүг маань О.Аслан гэдэг. Хүү маань Квийнсландын Технологийн Их сургуулийн нэгдүгээр курст сурч байна. Австралид наймдугаар ангид байхдаа ирсэн.

Харин бага охин маань Австралид ирсэн хойно төрсөн. Одоо гурван настай. О.Индра гэдэг. Цэцэрлэгт явдаг.


- Таны аавыг бас доктор гэж сонссон юм байна.
- Тийм ээ. Аав маань биологийн ухааны доктор, профессор К.Улыкпан гэж хүн бий. Аав, ээж хоёр маань хоёулаа л биднийг багаас нь номонд дурлуулж өсгөсөн.
Судалгаа, шинжилгээний хүн болсон нь гэр бүлийн маань өссөн орчинтой л холбоотой байх гэж боддог. Ах маань гэхэд аавын мэргэжлийг эзэмшсэн. Японд биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

- Нэг гэр бүлд гурван доктор байгаа юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Би хамгийн отгон доктор нь.



iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: У.АНАР  - @ul_anar
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА  - Bolortuya Chuluunbaatar Page
Гэрэл зургийг: М.ОЗАТ