Pages

Tuesday, June 13, 2017

Зөвөлгөө


"Харри Поттероос томчууд юу суралцах хэрэгтэй вэ?"
          /Нэг боть роман унших, цуврал ном унших хоёрын ялгаа/

Ном уншина гэдэг зүгээр л уншаад байхын нэр биш юм. Дээрээс нь ямар төрлийн, яаж бичигдсэн, хаанахын хэн бичсэн гээд тус бүрдээ өөр өөр. Энэ жишээн дээр хүн бүрийн мэддэг алдарт Харри Поттер цувралын тухай бичье.

Би анх энэ номыг хүүхдийн ном гээд нэг их тоодоггүй байсан ч уншиж эхлэнгүүт л энэ зохиол миний хүлээлтээс хэдэн зуу дахин давж чадсан юм. Энэ зохиол бол хамгийн татах увдистай, нэг эхлүүлчихвэл дуусгахгүй байхын аргагүй тийм цуврал номуудын нэг.  Өглөө сэрээд л уншина, орой унтан унтатлаа уншина, зарим шөнө үүр цайтал уншсаар бүх цувралыг нь сарын дотор дуусгачихаад дахиад үргэлжлэл байхгүйд нь их харамсаж билээ. Зарим нь шал дэмий цагаа үрсэн байна гэж ч бодож магадгүй гэхдээ энэ олон хуудас уншсаны үр ашгийг би эхний долоо хоногийн дараагаас мэдэрч эхэлсэн юм даа.

Харри Поттер бол Английн цуврал зохиол, Англи бол Европын томоохон соёл иргэншилт түүх соёлын асар их өвтэй улс, харин дэлхий дахин хувьсан өөрчлөгдөж наад захын хоолны соёлоос авахуулаад Европын ихэнх соёлыг даган дуурайж байгаатай маргах хүн байхгүй биз ээ. Монголын залуус ч ялгаагүй глобалчлалын эрин үед дэлхийн өндөр хөгжилтэй улс оронтой танилцаж, тэдний биеэ авч явах соёл, боловсон зангаас суралцсаар яваа билээ. Бид ихэнхдээ дургүй бол дургүйгээ шууд л илэрхийлж орхидог. Эндээс эхлээд л Монгол араншин, Англи араншин хоёр тэнгэр, газар шиг өөр учраас сураад дараа нь өөрийн болгоход багагүй чармайлт хэрэгтэй.

Цуврал ном бол нэг боть романаас хавьгүй олон хуудастай, урт хугацаа зарцуулдаг учраас хүн нэг юмаа удаан хийхэд дадал болдогтой адил өөрийн мэдэлгүй түүгээрээ төлөвшиж, тухайн зохиолын үг хэллэгийг буюу бичигдсэн орны хар яриа, аж байдал, бусадтай харьцах урлаг буюу орон зайн мэдрэмж, харилцааны соёл зэргийг санамсаргүйгээр өөрийн болгодог. Энэ бүгдийг орчин үед хатагтай, ноёдын сургалт дамжаа гэх мэтэд мөнгөө төлж хүчээр эзэмшдэг бол 7хон боть ном уншсанаар үнэгүй өөртөө дадалжуулаад, толгойндоо суулгаад авч байгаа юм.

Харри Поттер зохиолын харилцааны ур чадварын тухайд маш мэдрэмжтэй бичигдсэн зохиол учраас энэ тал дээр хамгийн сайн багш болно. Эндээс тунгаахад ямар ч ном уншсан бай насандаа тааруулж өөртөө хэрэгтэйг сорчлоод авчихаж байх нь ном уншиж сурахын нэгэн эхлэл билээ.

No comments:

Post a Comment